2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд цагаатгалын ажлыг 2009 оны хоёрдугаар сараар дуусгавар болгох тухай байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг бүгдийг цагаатгаж амжаагүй байгаа билээ.
Иймд УИХ-ын нэгдсэн чуулганаас өнөөдөр дээрх хуулийн хэрэгжилтийг 2011 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгалаа.
Түүнчлэн энэ өдөр Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн байгаль, экологийн тулгамдсан асуудал болоод байгаа Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэхээр боллоо.