Татах
2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдан бие даасан 1 хууль гаргаж, 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн 1 олон улсын гэрээ соёрхон баталж, 7 тогтоол гаргажээ.
Үүнд:
1. Монгол Улсын хууль
Бие даасан хууль:
1) Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2009.2.13.
Нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль:
1) Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2009.2.13./
2) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2009.2.13./
3) Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2009.2.13./
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2009.02.13./
4) Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.2.20./
5) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.2.20./
6) Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай /2009.3.06./
7) Төрийн албаны тухайй хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.12/
8) Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт, оруулах тухай /2009.3.12./
9) Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.12./
10) Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.12./
11) Төрийн албаны хуульд нэмэлт оруулах тухай /2009.3.12./
12) Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.13./
13) Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2009.3.13./
14) Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.13./
Дээрх хуулиудын бизнесийн үйл ажиллагаанд холбогдох зарим нэмэлт, өөрчлөлтийг товч дурдъя:
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2009.2.13./
Энэхүү хуульд ээлжит бус чуулганаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн шинэчлэсэн найруулга батлагдсантай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оржээ. 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр 15 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг их сургууль, дээд сургууль, коллеж байгуулах гэж өөрчлөн найруулсан бол 15.7.5, 15.7.6 гэсэн заалтуудыг нэмж оруулсан ба энэ нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулахад аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл авахаар нэмэлт оруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2009.2.13./
Энэ хуульд мөн “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн шинэчлэсэн найруулгатай холбоотойгоор 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон байна. 12 дугаар зүйлийн 12.1.28-12.1.31 дэх заалтуудыг дор дурдсан агуулгатайгаар нэмжээ. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал, багш нарыг дадлагажуулсан зардал, өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор болсон байна.
Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2009.2.20./
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 132 хэсэг, заалтад засвар хийгдсэнээс найруулгын засвараас хэтэрсэн байж болох 6 засварыг энэ хуулийн эцсийн найруулгад байсан хэлбэрээр нь буцаан суулгахаар болжээ. 12 дугаар зүйл Албан татварын тэг /“0”/ хувь, хэмжээг хэрэглэх заалт бөгөөд энэхүү заалтын 12.1.6-д “Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, зоос” гэсэн байсныг одон медал гэсний дараа мөн мөнгөн тэмдэгтийг хамааруулахаар нэмсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 13 дугаар зүйлийн 13.6.12 дахь заалтыг “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна.” гэж өөрчлөн найруулжээ. Мөн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын “ногдуулах” гэснийг “ногдуулсан” гэж, 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь заалтын “хувь хүн” гэснийг “этгээд” гэж, мөн зүйлийн 7.4.9 дэх заалтын “хувь хүнээс” гэснийг “этгээдээс” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын “гадаад улсад” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтын “газрын тос хайх, олборлох, ашиглах” гэснийг “газрын тостой холбоотой” гэж тус тус өөрчлөлт оруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хууль /2009.2.20./
ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 101 хэсэг, заалтад засвар хийгдсэнээс найруулгын засвараас хэтэрсэн байж болох 4 засварыг энэ хуулийн эцсийн найруулгад байсан хэлбэрээр нь буцаан суулгахаар болжээ.
Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай
хуульд нэмэлт оруулах тухай хууль /2009.3.6./
Төрөөс байгууллага, иргэдийн харилцах дансны үлдэгдэлд баталгаа гаргаж байгаа бөгөөд төрөөс гаргаж байгаа баталгаанд тухайн банкинд хугацаа хэтэрсэн зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой бусад этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл, банк хоорондын захаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламжийг төрийн баталгаанд хамааруулахгүй байх нэмэлтийг оруулжээ.
Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай /2009.3.12./
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд 5.8 дахь заалтыг нэмсэн бөгөөд энэ нь “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.” гэсэн агуулгатай болжээ.
2. Олон улсын гэрээ:
УИХ 2009.3.3-ны өдөр “Иргэдийн зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын солилцсон ноот бичгийг соёрхон батлах тухай” хуулийг баталсан байна.
Энэхүү нот бичиг нь давхардсан тоогоор жилд манай улсын 36 мянга гаруй иргэн Монгол Улсаас БНСАУ-д, Солонгол Улсаас 44 мянга гаруй иргэн манай улсад тус тус зорчиж байгааг харгалзан хоёр тал энгийн паспорттай иргэдэд нэг удаагийн орох, гарах визийг 30 хоног байсныг 90 хоногийн хугацаатай олгох, аль аль тал нь 90 хоногийн визтэй зорчиж буй иргэдийг гадаад иргэдийн бүртгэлээс харилцан чөлөөлөх, дээрх ангилалын визтэй иргэн паспортоо гээгдүүлсэн тохиолдолд буцах үнэмлэхээр хил нэвтрүүлэх зэрэг заалтуудыг агуулжээ.
3. УИХ-ын тогтоол:
УИХ ээлжит бус чуулганы хугацаанд 7 тогтоол батлан гаргажээ. Эдгээрээс дурдвал:
1) Хуулийн төсөл буцаах тухай /2009.2.13. №21/ /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/;
2) Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай /2009.3.3. №22/;
3) Тогтоолын төсөл буцаах тухай /2009.3.6. №23/ “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Шүүгчийн болон прокурорын албан тушаалтны цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”;
4) Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай /2009.3.12. №24/;
5) Хуулийн төсөл буцаах тухай /2009.3.12. №25/ Гаалийн тарифийн хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/;
6) 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2009.3.12. №26/;
7) Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай /2009.3.13. №27/.
Дээрх тогтоолоос бизнесийн үйл ажиллагаанд дараахь тогтоолын талаар товч танилцуулъя. Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол. УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батласан байна. УИХ-аас 2009 оны төсвийн алдагдлыг ДНБ–ийн 6.1%-тай тэнцэх түвшинд тогтоосон нь төсвийн зарлагыг нөхөхөд өнөөгийн нөхцөлд хүндрэл учруулахаар болжээ. Энэхүү тогтоолын агуулга нь төсвийн бодлогын хүрээнд хямралын эсрэг арга хэмжээний гол чиглэл нь цаашид төсвийн тэлэх бодлогыг хязгаарлаж төсвийн тодотголыг бодит түвшинд төлөвлөх, төсвийн зарлагыг бууруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, төсвийн алдагдлыг багасгахад оршиж байна. Хямарлыг даван туулах Засгийн газрын төлөвлөгөөний үндсэн зорилго нь Монгол Улсын 2009 оны эдийн засгийн өсөлтийг 2.7-5%-иас бууруулахгүй байх, санхүү, эдийн засгийн сөрөг үр дагавраас иргэдэд учирах хохирол, сөрөг нөлөөллийг багасгах, ажлын байрыг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршиж байна.
Төлөвлөгөө дараах бүтэцтэй:
- Төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд;
- Мөнгөний бодлогын хүрээнд;
- Бодит салбарын хөгжлийг дэмжих хүрээнд;
- Хүн амын амьжиргааг дэмжих хүрээнд;
- Улаанбаатар хотын хүрээнд.
Тогтоолыг дээрх үндсэн чиглэлийг баримтлан боловсруулсан ба энэхүү төлөвлөгөөг 2009 оны 2 дугаар сарын эхнээс 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлнэ.
4. Засгийн газрын тогтоол:
Засгийн газар 2009 оны 3 дугаар сард 7 удаа хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг товч танилцуулъя:
2009 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Эрх олгох тухай (Оюутолгой ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгох тухай) 61 дүгээр тогтоол гаргав.
2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаараа зарим агентлагийн дарга нарыг томилсон бөгөөд байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар болов. Мөн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хуулийг илүү боловсронгуй болгох зорилгоор “Нэмэлт ашгийн албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулснаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Монгол Улсын гаалийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулсантай холбогдуулан:
- “Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- 2009 оны II улиралд багтаан хилийн боомтод улс хоорондын авто тээврийн хэрэгсэлд тавих стандартыг хэрэгжүүлж, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэх;
- батлагдсан төсөвтөө багтаан өндөр мэдрэмжтэй рентген тоног төхөөрөмжөөр нийслэл хот дахь терминал, Өмнөговийн Шивээхүрэн, Гашуунсухайт, Ховдын Булган, Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгийн Алтанбулаг зэрэг томоохон боомтуудыг хангах;
- гадаад худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүд хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх талаар хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, иргэдэд 30 хүртэл кг барааг татваргүй нэвтрүүлэх боломжийг судлан үзэж, саналаа танилцуулах;
- хууль хяналтын болон хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, давхардсан хяналт шалгалт явуулдаг тогтолцоог арилгах;
- Өмнөговийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор тээвэрлэгдэж байгаа нүүрсэнд тавих гаалийн хяналтыг БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтарсан байдлаар зохион байгуулах талаар судлах зэрэг үүргийг холбогдох сайд, дарга нарт Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр даалгалаа.
2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаараа Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Европын Хамтын нийгэмлэгийн хоорондын хэлэлцээрийг байгуулах тухай хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус хуралдаанаараа “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт өгөгдсөн үүргийг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, шуурхай удирдлагаар хангах зорилгоор “Засгийн газрын онцгой үүрэг бүхий түр хороо” байгуулахаар тогтоол гаргахаар болов.
2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа зарим агентлагийн дарга нарыг томилсон.
2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаараа зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэв. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд чиглэлийн авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх талаар хэд хэдэн арга хэмжээг хэлэлцэж УИХ-д оруулахаар шийдвэрлэв.
2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Мөн түүнчлэн:
- УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ;
- УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжихээр шийдвэрлэв. Төслөөр хот доторх болон хотын орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг тээврийн хэрэгсэл ашиглах санал оруулжээ;
- УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан “Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай” хуулийн төслийг бодлогын хувьд дэмжихээр болов;
- УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан “Өрсөлдөөний тухай” хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл нь бүхэлдээ “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”-д хуулийн төслүүдийг хэлэлцэв;
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив;
- “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай”, “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй гэж үзлээ.
5. Улсын Дээд шүүхийн тогтоол:
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 3 дугаар сарын 31-ний өдөр болж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Улсын Дээд шүүхийн 2009 оны 9 дүгээр тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 өгүүлбэр, нэр томъёог тайлбарласан ба Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
6. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр:
ҮХЦ хоёр удаа хуралдаж шийдвэр гаргасан байна. Үүнд:
2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Үндсэн хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн эсэх тухай хэлэлцэж, Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргажээ.
2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 25 дугаар зүйлийн 25.4, 25.5, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай хэлэлцэж, Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргажээ.
7. Нийтээр дагаж мөрдөх журам агуулсан эрх зүйн бусад баримт бичиг:
Хууль зүй, дотоод хэргийн яам нь нийтээр дагаж мөрдөх журам тогтоосон яамны сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн ИТХ ба Засаг даргын тушаал, тогтоол, шийдвэрийг бүртгэх тэдгээрийг дагаж мөрдөх зөвшөөрөл олгодог. 2009 оны 3 дугаар сард тус яам нийт 6 эрх зүйн дэд актыг бүртгэсэн байна. Үүнд:
1) Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал /Дугаар 51, 2009.3.04/
Улсын бүртгэлд 2009.3.4-ний өдөр бүртгэгдсэн.
Агуулга: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-ын 1.9 дэх хэсэг, 4.8.2 дахь заалтыг өөрчлөн найруулах тухай
Өөрчлөн найруулсан заалт: “1.9. Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэлд үйлчлүүлэгч болон гэрч, оролцогч нар нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгчийн дэргэд гарын үсэг зурна. Үйлчлүүлэгч эрхтэн дутуу болон өвчтэй, эсхүл бичиг үсэг мэдэхгүй зэрэг бусад шалтгаанаар гарын үсэг зурах боломжгүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг баримтална.”
“4.8.2. Тухайн бичиг баримт /гэрээ, гэрээслэл, итгэмжлэл гэх мэт/-д эрхтэн дутуу болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө гарын үсгээ зурж чадахгүй бол энэ журмын 1.9-ийг баримтална.”
2) Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал /Дугаар 165, 2008.5.5/
Улсын бүртгэлд 2009.3.12-ны өдөр бүртгэгдсэн. Агуулга: Зарим төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай /БНХАУ-ын Төвд, Гуандун, Гуажоу, Шинжан Уйгар мужуудад шувууны томуу өвчин гарсантай холбогдуулан уг өвчний халдвар орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-аас бүх төрлийн амьд шувуу, тахианы мах, үржлийн болон хүнсний өндөг, бусад шувууны гаралтай хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг импортлохыг 2008.5.10-ны өдрөөс эхлэн түр хориглосугай/
Энэ тушаал гарсантай холбогдуулан УМХГ-ын даргын 2007.12.19-ны өдрийн “Шувуу, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” 490 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3) Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаал /Дугаар 281, 2008.12.18/
Улсын бүртгэлд 2009.3.12-ны өдөр бүртгэгдсэн. Агуулга: Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / хавсралтын хамт /
Нэг. ҮТЕГ-ын даргын 2001.5.15-ны өдрийн 84 дүгээр тушаалаар баталсан “Онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч, улсын орлого болгох журам”-д дор дурдсан агуулгатай нэмэлт оруулах:
1.1.“1.5... борлуулах..” гэсний дараа “импортлох, өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах, Үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдах”, “...хуулийн..” гэсний дараа “4.2, 5.1.1, 5.1 2, 5.1.3, 5.1.4, 5.2 дугаар” гэж;
1.2.“2.10... бүрдүүлэн...” гэсний дараа “хяналт шалгалтын ажил эрхэлсэн Татварын улсын байцаагчтай хамтран дүгнэлт бичиж” гэж;
1.3.“2.12. Шаардлагатай гэж үзвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины биет байдал, хураан авах ажиллагааны явцын тухай гэрэл зураг авах, дүрс, дууны бичлэг хийж акт, тэмдэглэлд хавсаргана.” гэж;
Хоёр. ҮТЕГ-ын даргын 2001.5.15-ны өдрийн 84 дүгээр тушаалаар баталсан “Онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч, улсын орлого болгох журам”-ын гарчиг, “... тэмдэг бүхий архи...” гэсэн үг орсон бүх зүйл, заалт болон 6.6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөх:
2.1. “Онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэгтэй бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг хураан авч улсын орлого болгон борлуулах, устгах журам” гэж;
2.2. “ ....тэмдэг бүхий архи....” гэснийг “тэмдэгтэй бүх төрлийн согтууруулах ундаа,” гэж;
2.3. “6.6... сар бүрийн 5-ны дотор...” гэснийг “хагас, бүтэн жилээр гарган 6, 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор” гэж;
Гурав. ҮТЕГ-ын даргын 2001.5.15-ны өдрийн 84 дүгээр тушаалын 2, 3, 4, 5, 6 , 7, 8 дугаар хавсралтыг хүчингүй болгон, маягтын загварыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
Дөрөв. Энэхүү журмыг 2009.1.1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4) Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал /Дугаар 35, 2009.2.12/
Улсын бүртгэлд 2009.3.12-ны өдөр бүртгэгдсэн.
Агуулга: Тушаалын зарим заалтыг хүчингүй болгох тухай
1. Дэд бүтцийн хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-01”-ийн 2 дугаар хавсралт буюу “ Орон сууц, нийтийн байрны, сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм”-ийн 1, 2 дугаар заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 10 дугаар тушаалаар баталсан “Айлын сууцны талбайг тооцох жухам”-ын 2.1.1, 2.1.2, 4.1 дүгээр заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.4 дүгээр заалтуудтай нийцүүлэн батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-01”-ийн 2 дугаар хавсралт буюу “Орон сууц, нийтийн байрны, сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм”-ийн 1, 2 дугаар заалтыг шинэчлэн боловсруулж 2009 оны 4 дүгээр сард багтаан батлуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 10 дугаар тушаалаар баталсан “Айлын сууцны талбайг тооцох жухам”-ын 2.1.1, 2.1.2, 4.1 дүгээр заалтуудыг шинэчлэн боловсруулж 2009 оны 6 дугаар сард багтаан батлуулахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газарт тус тус даалгасугай.
5) Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал /Дугаар 71, 2009.3.18/
Улсын бүртгэлд 2009.3.27-ны өдөр бүртгэгдсэн.
Агуулга: Журам батлах тухай /хавсралтын хамт/
1. “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг мөрдөж ажиллахыг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг хэвлэн олшруулах, холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Хувийн хэрэг батлах тухай” Дэд бүтцийн сайдын 2002.6.24-ны өдрийн 185 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
6) Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал /Дугаар 77, 2009.3.19/
Улсын бүртгэлд 2009.3.27-ны өдөр бүртгэгдсэн.
Агуулга: Дүрэмд өөрчлөлт оруулах тухай
1. “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм” /БНбД 11-04-99/-ийн 2.1 дэх “Барилга байгууламжийн бүх хийц, хэсгийн чанарыг шалгаж үнэлэлт өгөх” гэснийг “Зохиогч барилга байгууламжийн үндсэн ажилд хэрэглэсэн материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораторид нууцлагдсан дугаар дээжийг өгч тодорхойлуулан дүгнэлт гаргаж, хяналт тавина” гэж өөрчлөн найруулсугай.
Бэлтгэсэн: Т.Мэндсайхан /МУИС-ийн Хууль зүйн доктор/,
Д.Үржинсүрэн /МУИС-ийн ХЗС-ийн магистрант/, Д.Цолмон /МУИС-ийн ХЗС-ийн оюутан/
Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем http://www.legalinfo.mn