“ХОЛБОО, ХЯНАЛТ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” ТӨСЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, УДИРДЛАГЫН ТӨВИЙН ШАВИЙГ ТАВЬЛАА.
|
 Энэ оны 5 дугаар сарын 29 өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийг гүйцэтгэгч талтай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эл Жи Си Эн Эс компанийн Дэд ерөнхийлөгч Ли Жун Хуа нар гарын үсэг зурлаа. Tус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Санхүү, аж ахуйн газрын дарга Ч.Энх-Амгалан, Тамгийн газрын дарга Ц.Арвинбуудай, Холбооны хэлтсийн дарга Л.Даваажав, Сангийн яамны Зээл, тусламжийн нэгдсэн бодлого зохицуулах газрын орлогч дарга Т.Доржханд, Зээл, тусламжийн нэгдсэн бодлого зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Ганболд, Холбоо, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Ариундалай, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын Системийн нэгтгэлийн хэлтсийн дарга Ц.Нямхүү нарын албаны хүмүүс, Эл Жи Си Эн Эс компанийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч – Ли Жун Хуа, Дэд ерөнхийлөгч – Ли Чёл, Олон улсын бизнесийн хэлсийн дарга – Ким Ван Жонг, Бизнесийн хөгжлийн хэлтсийн дарга – Ким Хан Сү болон төсөл хэрэгжүүлэх багийн ажилтнууд байцлаа. Улаанбаатар хотын яаралтай түргэн дуудлагын ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, өмч хөрөнгийг найдвартай хамгаалах зорилгоор “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийг цагдаагийн байгууллагаас санаачлан боловсруулсан билээ. Төслийн гол зорилго нь цагдаагийн газар, яаралтай тусламжийн төв, онцгой байдлын газруудын шуурхай дуудлага хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар ажлын бүтээмж дээшлэхийн сацуу GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянах, удирдлагаар хангах боломжтой болж чадна. Төвлөрөл ихтэй гудамж, талбай дахь 15 цэгт байрлуулах камериар галын аюул, гэмт хэрэг, зөрчил, сэжигтэй үйл хөдлөлийг шууд хянах бололцоотой болох юм. Үүрэн болон суурь утаснаас дуудлага өгөгчийн байршлыг тогтоосноор хуурамч дуудлагын тоо хэмжээ багасч төсвийн үргүй зардал буурах, шаардлагатай тусламжийг цаг алдахгүй явуулах зэрэг ач тустай юм. Мөн төслийн ажлын хүрээнд 5 давхар удирдах төв шинээр барихаар байгаа бөгөөд энэхүү төв нь дуудлага хүлээн авах, шилжүүлэх, төвлөрөл ихтэй гудамж, талбайд байрлуулсан 15 камеруудыг хянах, нарийвчилсан статистик мэдээллээр хангах, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, онцгой байдлын үед удирдлагын түвшний хурал зохион байгуулах зэрэг холбоо, хяналт, мэдээллийн бүхий л үйл ажиллагааг хянах, удирдан чиглүүлэх, бүртгэн авах үүрэгтэй бөгөөд өнөөдөр тэрхүү төслийн санал БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр биелэлээ олж, бодит ажил болгох эхний алхамаа хийж, Удирдах төвийн барилгын шавыг тавьж байна.
|
| Бичсэн:
Огноо:
6/9/2009 8:29:05 AM |
|
|